Улстөр нийгэм
Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна
Улсын онцгой комисс энэ сарын 17-ны өдөр хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ.
Халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, хоёрынх нь тогтвортой байна
БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг зорих гэж байна. Цаашид иргэдийн тоо, судалгааг гаргаж, тусгай нислэгээр авчрахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлэв. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газруудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, гадаадад байгаа иргэдээ халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг Улсын онцгой комисс чиглэл болгов.
Одоогоор аймаг, хот хоорондын зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр болов. Мөн холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасны дараа нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм.
Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан Улсын онцгой комисст мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна.
Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бөгөөд хилээр орж ирвэл Бугат, Сагсай сумын болон “Эмпати” сургуулийн дотуур байранд тусгаарлахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд 110 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эм тариа, амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл байна. Цаашид нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 255 сая төгрөгийн асуудлыг Улсын онцгой комисс авч үзэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин өгөхөөр шийдвэрлэлээ.
Цаашид тусгаарласан иргэддээ байнгын хяналт тавих, тусгаарлах байранд хэт олноор нь байрлуулахгүй байх, иргэдийг аль болох гадуур явахгүй байх, хувийн ариун цэврээ сахих, шинж тэмдэг илэрвэл утсаар зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандах зэргийг зөвлөж байхыг Улсын онцгой комиссоос үүрэг болголоо. 2020 оны 03 дугаар сарын 17-ны байдлаар ХӨСҮТ, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 37 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 1335 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2024/08/07
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсооно
-
Цаг үе2023/08/01
Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2025/01/27
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Цаг үе2022/06/08
Соёлын сайд Ч.Номин аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нарыг хүлээн ав...
