Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Барилгын салбар хямралаас гарч, үйл ажиллагаа өргөжин тэлж байна

Огноо:

,

Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл арга хэмжээний талаар /2019.6.20/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагааг тайлагналаа. 

Хэвлэлийн бага хуралд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн удирдлагууд, төслийн зохицуулагч нар оролцлоо. 

Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч эхэллээ.  

Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:  
2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг 
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ. 
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ: 
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг 
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна. 

Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгосноос 56.6  мянга нь барилга угсралт, 10.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэл, 7.7 мянга нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, 1.0 мянга нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, 0.2 мянга нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна. 

БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЛОО 

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн 5 жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.

Сүүлийн 5 жилд  үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна. 

Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. 

Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна. 

Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү  барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна. 

БАРИЛГЫН САЛБАР ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛЛОО
/“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлав/

Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Уг бодлогын баримт бичиг нь 8 үндсэн чиглэлийн хүрээнд 9 зорилт, 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

  • "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе"
  • "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе"   
  • "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцож байна. 

Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байна. Монгол Улсын барилгын салбарт 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 400 гаруй барилгын норм дүрэм, 600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

АНХ УДААГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ

БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.  Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдээд байна.

Үүний үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн зээлийг 2309 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеийн зээл олголттой харьцуулахад 1.5 дахин их байна. Энэ нь дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт үр дүнтэй байгаа нь харагдаж байна.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ

БХБЯ-наас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  

 “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, 06-р сард ашиглалтад оруулаад байна.  

1    УБ, ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2:    /972 айлын орон сууц Нийт талбай 50,482 м.кв/
2    Орхон аймаг:    /315 айлын орон сууц    Нийт талбай 13,838 м.кв/
3    Хөвсгөл аймаг:    /135 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/
4    Говь-Алтай аймаг:    /120 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/ 

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна.  

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСАД ОЛГОХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ

БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпораци” “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны 3 дугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулаад байна. БНСУ төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцоод байна.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ 
“НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ ТӨСӨЛ”

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн солилцох захидал зурагдсанаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. 

Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.

“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.  Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. 

                                   УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас 50 гаруй жилийн өмнө баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2019.2.28-ны өдөр төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. 
Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн  инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн. 

Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОХ ХҮРТЭЛ ХУРИМТЛАГДСАН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийтийн аж ахуйн салбарын бодлогын хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж  эхэлсний үр дүнд хоногт  2500 м3 лаг усгүйжүүлэх  байгууламжийг шинээр  барьж  энэ оны 07-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна. 

  • Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг “ЭКО ТАЙХИ” ХХК гүйцэтгэж, Өдөр тутам гарч буй 1200 м3  (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох, Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна. 
  • Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.  ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байна.  Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломжтой. Үүнд:

         -Уул уурхайн нөхөн сэргээлт
         -Хөрсний доройтлыг арилгах
         -Хотын ногоон байгууламжид ашиглах
         -Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах
         -Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах 
         -Хар шороон хөрсийг орлуулах
         -Цахилгаан станцуудын үнсэн санг хучих

  • Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП” ХХК гүйцэтгэж  буй бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байна. 

АЙМГУУД БИОЛОГИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 м3 ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл”-ийг хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 2021 он хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дорнод, Завхан, Увс аймгийн төвүүдийн “Бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл хэрэгжинэ. 

БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 

“ТАЙШИР-АЛТАЙ” УСАН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны 06-р сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019.4.29-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.  Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ.  Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.  

“ЗАМЫН-ҮҮДИЙН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ

БНХАУ-ын 300.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 58.8 сая ам.долларын санхүүжилтээр  “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011-2018 оноос эхэлж хэрэгжүүлэн дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам, холбоо дохиолол гэсэн 4 багц ажлуудыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөөд байна.  Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах цэвэр усны нэгдсэн сүлжээ, 3200 м3/хоног хүчин чадалтай  ус цэвэршүүлэх үйлдвэр,  усны өргөлтийн станц, 3500 м3/хоног хүчин чадалтай бохир ус  цэвэрлэх байгууламж, түрэлтийн насос станц, даралт болон өөрийн урсгалын бохирын шугам сүлжээ болон 90 МВт-н дулааны станц, цахилгаан эрчим хүчний 110/10 кВ дэд станц, агаарын болон далд шугам сүлжээ,  “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 13,5 км хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг, явган зам, холбоожуулалтын сувагчлалын барилга байгууламжууд баригдсан. Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх талаар Засгийн газрын 2019.05.29-ны өдрийн 206 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг ажиллаж байна.

УЛААНБААТАР ХОТЫН VII, XIV, МҮОНРТ-ИЙН ХОРООЛЛЫН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙДСЭН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн /117,5 сая ам.доллар/ хөрөнгөөр 2011- 2018 онд Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийн хэрэгжүүллээ. Сүхбаатар дүүргийн VII хорооллын нутаг дэвсгэрт 1,18 га 
газар чөлөөлж 1800 айлын, Баянзүрх дүүргийн XIV хорооллын нутаг дэвсгэрт 1 га газар чөлөөлж 792 айлын орон сууц нийт 2592 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар нийтдээ 10368 хүн ам тохилог орон сууцаар хангагдаад байна. 

БНХАУ-ЫН 2.0 ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ ТӨСӨЛ

Уг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах, төвлөрсөн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Уг төслийг 2017-2020 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн нийт 6 бүлгийн 55 багц төсөл арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлуулаад байна. 

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЖ БАЙНА

Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжлийн инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг анх удаагаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоодод шилжүүлж түншлэлээр амжилттай гүйцэтгүүлж, гэрээг сунган ажиллаж байна. 

Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг олгох, сунгах үйл ажиллагааг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Төрийн бус байгууллагуудын түншлэлийг төлөөлж “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тус тус хариуцан гүйцэтгэж байна.  2019 оны эхний хагас жилийн байдлаар сургалт эрхлэгч төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан 53 удаагийн сургалтад 1020 мэргэжилтэн хамрагджээ. 

САЛБАРЫН БОЛОВСРУУЛАГДАЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ ЖУРМУУД

•    Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
•    Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
•    Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
•    Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай /шинэ/
•    Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай /шинэ/  
•    Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого /2019-2029/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа

Огноо:

,

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэлээ.

Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой.  Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж  болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа  тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо

Огноо:

,

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадам өнөөдөр /2019.12.07/ “CROCUS EVENT HALL”-д болж байна. 

“ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадмыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүл зүйн салбар 2019 онд чамгүй олон ажлыг амжууллаа. МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Бага хурал, Хяналтын зөвлөлийн гишүүддээ хандан 2019 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье.

Өнгөрсөн жил энэ тайзан дээрээс 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарлаж байв. 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласнаар гадаад харилцаатай орнуудын тоог 30-д хүргэж чадсан. Беларусь, Украйн, Польш гээд олон улс, оронтой сайн харилцааг эхлүүлж, контент солилцох, туршлага хуваалцах өргөн боломжтой болж байна. Мөн гадаад харилцаанаас гадна хууль эрхзүйн орчнуудыг сайжруулах талд олон ахицтай ажил хийлээ” хэмээн онцоллоо.  

“ГАН ҮЗЭГ 2019” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаас “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийн шилдгийг шалгарууллаа. Уралдааныг мэргэжлийн экспертүүд болон мэргэжлийн холбоод, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр дүгнэжээ. 

Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар MNB World болон Royal  телевизийг, Шинжлэх ухааны мэргэшсэн сэтгүүлчээр Өдрийн сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяаг, Эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлчээр Монголын үнэн сонины сэтгүүлч С.Нямсүрэнг тус тус шагналаа. Мөн Зариг.мн сайтын захирал Н.Өнөрцэцэг, Товч.мн сайтын  сэтгүүлч Т.Оюумаа нарыг Харилцааа холбооны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагналаа. 

“ГАН ҮЗЭГ 2019” НААДМЫН ШИЛДГҮҮД  

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

1.Сайтын шилдэг сэтгүүлч

24tsag.mn - С.Гандөл

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр 24 цаг.мн сайтын сэтгүүлч Гандөл өөрийн өнгө төрх бүхий нийтлэл, сонгосон сэдэв, хөндсөн асуудлуудаараа ийнхүү шилдгээр шалгарч байна. Тэрбээр энэхүү 2019 онд “Мона Лизагийн харцнаас тодрох Монгол”, Бидний сэтгэхүйд ухамсрын шанаа л хэрэгтэй”, “Хүүхдээ үхэл рүү нь түлхдэг хэнэггүй монгол зан” зэрэг шилдэг нийтлэлүүдийг уншигчдад хүргэсэн юм.

2.Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

Гранд сэтгүүл - Л.Номин-Эрдэнэ

Сэтгүүл зүйн Гэрэл зургийн сурвалжлагын төрлөөр мэргэшиж буй залуу сэтгүүлч Номин-Эрдэнэ “Гранд” сэтгүүлийн өнгөт хуудсуудыг чимдэг фото зургуудаараа өрсөлдөж шилдгийн шагналыг авлаа. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Гранд сэтгүүлд оюутан байхаасаа гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлснээс хойш 4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу сэтгүүлч юм.

3.Сонины шилдэг сэтгүүлч

Зууны мэдээ сонин - Ч.Үл-Олдох

Сонины шилдэг сэтгүүлчийн төлөөх галтай өрсөлдөөн дундаас цойлон гарсан “Зууны мэдээ” сонины сэтгүүл Чанцалын Үл-Олдох 2019 онд “Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” зэрэг сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэжээ.

4.Радиогийн шилдэг сэтгүүлч

Гэр бүлийн радио 104.5 - Н.Амарсанаа

Сэтгүүлч Н.Амарсанаа нь “Хос урлаг” нэвтрүүлгээрээ гэр бүлийн боловсрол, төлөвшил, монгол гэр бүлийн орчин, бие хүн болон гэр бүлийн сэтгэл зүйн мэдлэг, боловсрол зэрэг нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын нандин сэдвийг нэгэн зэрэг хөндөж, радиогийн төрөл зүйлийн амьд чанарыг сэтгүүл зүйн бүтээлд тусгаж чадсаныг үнэлэн энэхүү  шагналыг олгож байна.

5.Телевизийн шилдэг сэтгүүлч

ТВ5 Телевиз - Ч.Доржбат

“Монгол Улсаа хөгжүүлье” уриатай ТВ 5 телевизийн сэтгүүлч, “Шинэ хөдөө” төслийн зорилтот нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Доржбат “Эрүүгийн хуулиар 7 үхэр, 23 хонь хулгайлахыг зөвшөөрчээ” сурвалжлагаараа энэхүү шагналыг хүртэж байна. Түүний хөндсөн сэдэв, дэвшүүлсэн асуудлын мөрөөр Эрүүгийн хуулийн алдаатай заалтыг залруулахаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд мал хулгайлсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа юм.

6.Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч

Намсрайжавын Сүхбат

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Налайх салбар зөвлөлийн гишүүн Намсрайжавын Сүхбат шалгарч байна. Тэрбээр 2019 оны аяллын гэрэл зургийн цувралуудаараа энэхүү шагналыг хүртэж байна. Гэрэл зургийн дурантайгаа хамт 2019 онд эх орныхоо зүүнээс баруун, өмнөөс хойд дөрвөн зүгт үзэсгэлэнт нутгуудаар жилийн дөрвөн улирлын турш нийтдээ 32 мянга 820 км аялж, Хархираа Түргэний уулс, Отгонтэнгэр хайрханд авиралт хийж, байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн амьдрал, хүмүүсийн хөрөг зургуудыг хальснаа гайхамшигтай яруу тодоор буулган авч үлдээжээ.

7.Шилдэг судлаач

МУСГЗ Л.Норовсүрэн

 Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн 30 жилийн судалгааны шинжилгээний ажлын үр дүн болсон 21 боть зохиолоо хэвлэн гаргасан нь  энэ оны хамгийн шилдэг бүтээлийн нэгдүгээрт зүй ёсоор нэрлэгдэж байна.  Энэ нь сэтгүүл зүйн онол, түүх, арга зүйн асуудлуудыг бүрэн хамарсан цогцолбор ажил юм. Тухайлбал, Монголын нийтлэлийн түүхэн туршлагыг 13-р зуунаас эхлэн 800 жилээр, сэтгүүл зүйн түүхийг 1913 оноос эхлэн 100 гаруй жилээр, Монголын сэтгүүлчдийн арга туршлага, бүтээл туурвилын тоймыг 600 гаруй шилдэг сэтгүүлчийн үйл ажиллагаагаар төлөөлүүлэн судалж, эдгээрт нийт 8 ботийг зориулжээ. 21 боть зохиолын дотор сэтгүүл зүйн онол, арга зүйн асуудалд зориулсан нэг сэдэвт бүтээлүүд зонхилж байгаа бөгөөд Үүнд: “Хянан найруулах ухаан”, “Иргэний сэтгүүл зүй”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Радио сэтгүүл зүй”, “Фото сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл” зэрэг бүтээл багтаж байгаа юм. Энэхүү цогцолбор бүтээлд Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжил, онол туршлагыг иж бүрнээр шинжилж урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй сурвалжуудыг ашиглан олон чухал дүгнэлтийг хийжээ. 

2. ОРОН НУТАГ

8. Орон нутгийн шилдэг сайт

ETZONE.MN - Орхон аймаг 

Эрдэнэт хотын мэдээ, мэдээллийн etzone.mn сайт 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2019 онд  etzone.mn сайт “Улстөрчдийн тоглолт үйлчлэгч нарын амьдралаар тоглож үргэлжлэв үү” асуудал дэвшүүлсэн мэдээллийн үр дүнд Хот тохижуулах газрын 4 үйлчлэгч ажилдаа эргэн орсон. “Албан тушаалын хэнээрхэл буюу Эрдэнэтийн эмгэнэл” гарчигтай Барилга захиалагчийн албаны 11 инженер мөн ажлаас халагдсан мэдээ олон нийтэд хүрсний дараа шүүх хяналтын байгууллагаар асуудал шийдэгдэж, зарим нь ажилдаа эргэн орсон. Түүнчлэн Баянцагаан багийн иргэн Ж.Батцолмонгийн эмчилгээний зардлын хандивын аяныг уриалан явуулсан ба гэр бүл нь 10 сая төгрөг цугласанд баяр талархлаа илэрхийлсэн байна. Орон нутгийн төдийгүй улс орны хэмжээнд асуудал, сэдвийг сөхөн гаргаж, нөлөөлөл, манлайллын бий болгон ажилласан etzone.mn сайт орн нутгийн шилдэг мэдээллийн сайтаар ийнхүү зүй ёсоор нэрлэгдэж байна.

9. Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл

Дундговийн амьдрал сонин - Дундговь аймаг

Дундговь аймгийн хэмжээнд тогтмол гарч байгаа цор ганц хэвлэл-долоо хоног тутмын “Дундговийн амьдрал” сониныг ахмад сэтгүүл Сандагдоржийн Пүрэвсүрэн эрхлэн гаргаж байна. 71 жилийн түүхтэй энэхүү сониныг зуун, мянган дамжуулан галыг нь таслалгүй сүүлийн 21 жил залгамжлан авч явв билээ. Сүүлийн долоон жилд нь эрхлэн гаргажээ. “Дундговийн амьдрал” сонин нь аймгийн хэмжээний нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал, үйл явдлын мэдээллийн толь бөгөөд нийтлэлийн бодлогын хувьд цуурхал, хов жив, дуулиан шуугианаас ангид үнэн бодит мэдээллийн индэр болж байгааг сонины дугаар бүрээс харж болно.

10.Орон нутгийн шилдэг радио

Бизнес радио 106.5 Хос төв нэгдэл - Дархан-Уул аймаг

Бизнес радио нь 10 жил тасралтгүй ажиллахдаа нэг талаас уншигч, сонсогчдынхоо, нөгөө талаас харилцагчдынхаа итгэл хүлээсэн мэдээллийн хэрэгсэл болжээ. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй аж ахйн нэгжтэй тасралтгүй хамтран ажиллаж, 3000 гаруй радиогийн реклам сурталчилгааг бэлтгэн хүргэсэн байна. Хоногийн 21 цагийн турш мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгүүд бэлтгэн сонсогчдодоо хүргэдгээс “Рокд би дуртай”, “Залуус”, “Ретро носталги”, “Ам дамжсан аялгуу” хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна “Танд дуулгах сонин” мэдээллийн хөтөлбөр, “Өдрийн зочин” ярилцлагын нэвтрүүлэг,  “Нууц биш нууц” ток шоу нэвтрүүлгүүд нь байнгын сонсогчтой брэнд болжээ.

11.Орон нутгийн шилдэг телевиз

Хас телевиз - Өвөрхангай аймаг

ХАС телевиз нь 2011 онд байгуулагдсанаас хойш нэг ч удаа эфирээ таслалгүйгээр үйл ажиллагаа явуулахдаа аль нэгэн нам, төрийн албан тушаалтнаас ангид ажиллаж, аливаа хууль бус үйлдэл, хүнд суртал, хээл хахууль гээд орон нутгийн асуудлуудыг хөндөн олон нийтийн эрх ашгийн төлөө шударга үнэний дуу хоолой болох үүргээ бодлогынхоо чиглэл болгон хэрэгжүүлж ирсэн юм. Мөн баримтат кино, кино концерт, хүүхэд танин мэдэхүй, спорт, соёл урлаг, зан заншил шашны гүн ухааны нэвтрүүлгүүдийг сэтгүүл зүйн мэргэжлийн түвшинд чанартай бэлтгэн үзэгчдэд хүргэж ирсэн юм. Шударга үнэний төлөө асуудлуудыг хөндөн гаргах, иргэдийн дуу хоолойг аймаг, орн нутгийн удирдлагуудад хүргэх, гүүр болон ажиллах үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг үнэлэн энэхүү шагналыг олгож байна.

12.Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч

Х.Эрдэнэбулган - Dornogovipost.mn

Сэтгүүлч Хасааноовын Эрдэнэбулган 2019 онд “Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү” цуврал сурвалжлагууд, “З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан” цуврал ярилцлага, “Б.Үлэмжсаруул: Би хүний сайн хүү байх тавилантай биш” ярилцлага”, “Зүүнбаянгийн дурсамж буюу Нефтийн үйлдвэрийн залуус” нийтлэл зэргээрээ Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүл шагналыг хүртэж байна. Үүнээс гадна 2019 онд сард дунджаар 50, жилийн турш нийт 600 орчим цаг үеийн мэдээ, тодруулга бичиж montsame.mn, dornogovi.mn сайтад нийтэлсэн байна.  Эрдэнэбулган нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж, гол төлөв байгаль дэлхий, нийгэм, хөдөө аж ахуй, хүн зоны амьдралын чиглэлээр бичиж нийтэлдэг, ажлын анхны гараагаа өдөр тутмын “Өнөөдөр” сонины сэтгүүлчээс эхэлж байжээ.

13.Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

Д.Улаанхүүхэн

Сүхбаатарын өнгө сонин

Сэтгүүлч Дугарсүрэнгийн Улаанхүүхэн сэтгүүлчээр 17 дахь жилдэ ажиллаж байгаагаас сүүлийн хоёр жилд нь “Сүхбаатарын өнгө” сониныг эрхлэн гаргаж байна. Сүүлийн 20 жил үйл ажиллагаа нь тасраад байсан тус сониныг сэргээн гаргаж, захиалагчдын тоог энэ хугацаанд 2000 орчимд хүргэж, нийтдээ 80 мянган ширхэг сониныг хэвлэн уншигчдынхаа гарт хүргээд байна. Цаашид орон нутагт тогтмол хэвлэлийн орон зайг тэлэх, сонины захиалагчдын тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг өсгөх, шинэ боловсон хүчнүүдийг чадавхжуулахад өөрийн туршлага, мэдлэг чадвараа зориулан ажилласныг үнэлэн энэхүү шагналыг хүртээж байна.

14.Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч

Р.Төмөрчөдөр - Миний нутаг телевиз

Сэтгүүлч Р.Төмөрчөдөр нь Говь-Алтай аймагт анхны хувийн “Миний нутаг” телевиз үүсэн байгуулагдахад сэтгүүлч, сурвалжлагаар ажлын гараагаа эхэлж өнөөг хүртэл ажиллаж байна. Цаг үеийн мэдээ, мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай дамжуулахаас гадна жилд шинээр 2-3 контент санаачлан иргэдэд хүргэдэг. Түүний 2019 онд санаачлан эхлүүлсэн “Алсарч буй өв” цуврал бүтээл нь орон нутгийн сувгуудаас гадна МҮОНТ-ээр цацагдаж малчдын амин чухал асуудлыг хөндсөнөөрөө тэдний дэмжлэг, талархлыг нэгэн зэрэг хүлээсэн юм. Нүүдлийн соёл иргэншил ба суурин соёл иргэншлийн заагт амьдарч буй хөдөөгийн малчдын хүүхдүүдэд бага, дунд боловсролыг олгохдоо онцлогийг нь харгалзсан зохицуулалтыг хийхгүй бол малчдад нэг бол хүүхдээ боловсролгүй болгох, эсвэл үндэсний өв соёл, мал аж ахуйгаа орхих хоёр сонголт тулгарч байгааг Төмөрчөдөр цуврал нэвтрүүлгээрээ хөндөн тавьсан юм.

15.Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч

Н.Таванцэцэг - Ховд телевиз

Ховд телевизийн сэтгүүлч Наранхүүгийн Таванцэцэг “Сум хөгжүүлэх сангийн суунагласан манан” цуврал нэвтрүүлгээрээ Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Сум хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрдэггүй, хэн нэгэн дарга, албан тушаалтны ах дүү, хамаатан саданд олгогддог, эсвэо эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдөө уг зээлийг авч шамшигдуулдаг, зориулалтын бусаар ашигладаг, зээл хугацаандаа барагдуулдаггүй, сум хөгжүүлэх сангийн хууь журмыг зөрчдөг зэрэг адармаатай асуудлуудын араас явж, олон баримт, эх сурвалжийг ил гарган ирж олон нийтэд хүргэснээр хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, улмаар холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж эхлээд байна. Аймаг сумынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах, ард иргэдийг ажлын байртай болгох байсан жижиг, дунд үйлдвэрлэгчид үүнээс хохирсон асуудлыг ч мөн хөнджээ. Сэтгүүлзүйн эрэн сурвалжлах төрөлд хөдөө, орон нутгаас ийнхүү хүч түрэн орж ирж буйд баяр хүргэе.

16.Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч

Т.Болдбаатар - Говьсүмбэр аймаг

МОҮНР-ийн Говьсүмбэр аймаг дахь сурвалжлагч Төмөрийн Болдбаатар нь орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, бусдад үлгэр дуурайлал үзүүлж яваа хөдөлмөрийн жирийн хүмүүсийн тухай, тэрчлэн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлсийг төв, орон нутгийн хэвлэл сонин, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ирсэн юм. Төмөрийн Болдбаатар нь 1983 сэтгүүл зүйн салбарт ажиллаж эхэлснээс ойш орон нутгийн болон төвийн хэвлэл, долооо хоногийн болон өдөр тутмын сонинуудад зуутын орноор тоологдох нийтлэл, сурвалжлага, хөрөг, ярилцлагыг нийтлүүлж, хоёр ч номоо хэвлүүлээд байгаагаас гадна бие даасан уран бүтээлээ тоглолтоо хийгээд уран бүтээлч юм. Тэрбээр 2019 онд аймгийнхаа дуу бүжгийн Боржигон чуулгын морин хуурч хөөмийч Б.Мөнхжаргалын тухай “Монгол хүү”, мөн чуулгын дуучин Ш.Энхбаярын тухай “Эрхэмсэг” нийтлэлүүд нь өдөр тутмын “Үндэсний мэдээ” сонинд, уран сайхны удирдаач, гоцлол бүжигчин О.Цэрэнжаргалын тухай “Тайзны буян” радио нэвтрүүлэг нь сонгогчдын хүртээл болсон.

3. ШИЛДЭГ РЕДАКТОР

17.Мэдээллийн сайтын шилдэг редактор

Н.Пунцагболд - ZALUU.COM

Нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолой, нөлөөллийг бий болгож, цаг үеийн мэдрэмжтэй, үнэ цэнтэй сэдвүүдийг сэтгүүл зүйн бүтээлд тусгаж чадсан “Жинхэнэ ЖДҮ”, “Улсын төсөв 10 их наяд бол авлигчдын учруулсан хохирол 11.9 их наяд” зэрэг цуврал ярилцлага, нийтлэлүүдээрээ онцгойрсон Залуу.сом сайтын редактор Пунцагболдод энэхүү шагналыг олгож байна. 

18.Сэтгүүлийн шилдэг редактор

Ц.Оюунчимэг - Зиндаа сэтгүүл 

“Эрхэт Монгол” медиа группийн эрхлэн гаргадаг “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Цэдэвдамбын Оюунчимэг улирал тутамд 250-280 нүүрээр хэвлэгдэн гардаг оюунлаг, соён гэгээрүүлэх, өргөн цар хүрээ бүхий мэдээллийг багтаасан тус сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, сэтгүүлд нийтлэгдэж буй бүтээл туурвилуудыг хянан тохиолдуулах, сэтгүүлчдийн баг, уран бүтээлчидтэй хамтран ажиллах үүргийг амжилттай гүйцэтгэж буй манлайлагч юм. Тэрбээр 2019 онд “Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм Зиндаа” булангаараа дамжуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболдын ярилцлагыг уншигчдадаа хүргэсэн. Сайн редактор байхын хамгийн гол үндэс нь суралцах явдал хэмээн тэр үздэг тэрбээр өнөөдөр “Зиндаа” редакцийн залуу сэтгүүлчид, оюутан залуусаас сонгон дадлагажуулж, тэдэнд чиглэл, зөвлөгөө өгөх, бүтээж туурвих урам зориг нэмэх зэргээр идэвхтэй хамтран ажилладаг билээ.

19.Сонины шилдэг редактор

П.Хашчулуун - Өдрийн сонин

“Өдрийн сонин”-ы албаны дарга, сэтгүүлч, нийтлэлч Пүрэвийн Хашчулуун нь авьяаслаг сэтгүүлчээс гадна шилдэг редактор юм. Тэрбээр 2002 оноос сонины редактороор ажиллаж, өдгөө ч сэтгүүлчдээ сургах, бичсэн материалд нь заавар зөвлөгөө өгөх, засах, хянан тохиолдуулах ажлыг тасралтгүй хийсээр байна. П.Хашчулуун “Өдрийн сонин”-ы долоо хоногийн нэг өдрийн дугаарыг удирдахад 20 гаруй сэтүүлчийн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллийг нэг бүрчлэн уншиж, засаж найруулан хэвлэдэг. Түүний нэг онцлог нь сэтгүүлч бүртэй тулж ажиллан  бичиж буй материалаа  хэрхэн уншууртай, сонирхолтой болгох талаар зааж зөвлөн дараа нь засаж найруулснаа тайлбарлаж өгдөг. Мөн гарчгийг маш оновчтой олж өгдгөөрөө алдартай.

20.Радиогийн шилдэг редактор

О.Цэнд-Аюуш - MҮОНР

Редактор О.Цэнд-Аюуш нь Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан радио цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн урьд өмнө хэвлэлээр цацагдаж байгаагүй шинэ баримт, түүхүүдийг сөхөн гаргаж,  түүхэн үйл явдлын үнэ цэнийг уран сайхны аргаар  Монголын ард түмэнд хүргэж, уран бүтээлчийн авьяас чадвар, радиогийн бүтээлийн  онцлогийг мэргэжлийн болон урлагийн түвшинд илэрхийлэн гаргаж чадсан хэмээн үнэлж энэхүү шагналыг олгож байна.

21.Телевизийн шилдэг редактор

П.Алтанцэцэг - МҮОНТ

МҮОНТ-ийн сэтгүүлч Пэрэнлэй Алтанцэцэг уран бүтээлийн гараагаа Завхан аймгийн Туяа сонины хянагчийн ажлаар эхэлж, Үнэн сонин, Монголын радиогийн агентлагт сурвалжлагч, Соёл эрдэнэ студид редактор, R and TV мэдээ сонинд редактороор тус тус ажиллаж байгаад одоо МҮОНРТ-д редактороор ажиллаж байна. Радио телевиз, сонин хэвлэлийн бүхий л жанраар бичих чадвартай, уран бүтээлийн арвин туршлагатай шилдэг редактор юм. Тэрбээр 2019 онд “Би монгол хүн” нэвтрүүлгийн 9 дугаар, “ТӨЛ ТАВАН ЭРДЭНЭ” нэвтрүүлгийн 30 гаруй дугаарыг эх орныхоо 18 аймгаар 22 мянган км зам туулан бэлтгэж, үзэгчдэдээ хүргэжээ.

22.Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер

С.Насанжаргал - ТВ6 телевиз

Саранчулууны Насанжаргал ТВ 6 телевизийн Ерөнхий захирал. ТВ 6 телевизийн дэлгэцээр үзэгчдэд хүрч, байнгын үзэгч, дэмжигчтэй болсон “Дэлхийн өнгө” нэвтрүүлэг, “Улаан бал” ярилцлага, “Улаан бал” тойм, “Өдөр бүр өөр”, “Хаа сайгүй” сурвалжлага нэвтрүүлэг, “Дээдсийн өлгий” аяллын нэвтрүүлгийн ерөнхий продюсер, ерөнхий менежерээр, мөн Монгол Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Туркийн уран бүтээлчидтэй хамтарч буй дэлгэцийн шинэ бүтээл “Хар сувдны нууц-2- уран сайхны киноны ерөнхий продюсер, ерөнхий менежерээр ажиллан Монголын урлагийн салбарт шинэ жим гаргаж байгаа билээ

ТВ 6 телевизийн мэдээний албаны бэлтгэн хүргэсэн мэдээ, мэдээлэл нь нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийг бий болгож чадсан юм. 33 дугаар сургуулийн сурагч Ундралын эмчилгээний зардалд 30 сая төгрөгийг хандиваар босгож, Даш-Өлзий охины эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулан 25 сая төгрөг, мөн жүжигчин Нурбуланы хүнд өвчний талаарх сурвалжлагыг бэлтгэн хүргэснээр эмчилгээний зардалд 17 сая төгрөгийн хандивыг цуглуулан тусалж, сэтгүүл зүйн нөлөөлөх, манлайлах үүргийг нотлон харуулсан юм.

4. ШИЛДЭГ БҮТЭЭЛ

23.Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл

Б.Алтанхуяг - MONTSAME.MN

Мэдээллийн сайтын шилдэг бүтээлийн шагналыг МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээллийн нэгдсэн редакцийн тоймчийн албаны тоймч Балдоржийн Алтанхуяг “Хилийн зурвасыг цаг хугацаанаас нь ангид тольдохуй” цуврал тэмдэглэл,  “Эх хэлний энэ цагийн түүчээ” уран зохиолын цуврал ярилцлага, “Ой санамж ба түүний эзэд” цуврал нийтлэлээрээ хүртэж байна.

24.Сэтгүүлийн шилдэг бүтээл

BUSINESS.MN сэтгүүл

Сэтгүүлийн зах зээл хумигдаж буй цаг үед шинээр мэндэлсэн Бизнес.мн сэтгүүл 2018 оны 12 дугаар сард анхны дугаараа гаргаснаас хойш сар тутам тасралтгүй шинэ дугаарыг уншигчдадаа хүргээд байна. Сар тутмын тус сэтгүүл нь бизнес эрхлэгчдэд туршлага, мэдээлэл хуваалцах талбар платформ болох зорилготой ажиллаж, илийн хугацаанд онлайн, дижитал хувилбарыг хөгжүүлсний зэрэгцээ дэргэдээ “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг тогтмолжуулан эдийн засаг, бизнесийн салбарт орон зай, нөлөөллөө бий болгосныг үнэлэн Сэтгүүлийн шилдэг бүтээл номинацид тодруулж байна.

25.Радиогийн шилдэг бүтээл

“Эмчийн өрөө” нэвтрүүлэг - Эрүүл мэндийн радио фм-104 радио

Радиогийн шилдэг бүтээлд  ФМ104 Эрүүл амьдралын радиогийн бүтээл “Эмчийн өрөө” нэвтрүүлгийг шалгарууллаа. Уг контентийг радиогийн эфирээр болон дэлхийн хаанаас ч цахим орчинд хүлээн авч үзэж, өөрт тулгамдаж буй асуудлаар эмчээс хариулт авах боломжтой. “Эмчийн өрөө” нэвтрүүлгийн нэг дугаарыг цахим орчинд дунджаар 80 мянга орчим хүн үздэг. 2019 онд 30 шинэ дугаарыг бэлтгэн хүргэснийг давтагдсан тоогоор 2 сая 400 мянган үзэгч, сонсогч хүлээн авч, анагаах ухаан, клиникийн доктор, түүнээс дээш зэрэгтэй эмч нараас эрүүл мэндийн мэдлэг, зөвлөгөөг хүлээн авсан байна. Радиогийн тархах хүрээг соошл орчныг ашиглан тэлсэн явдал нь нэвтрүүлгийн үр нөлөөг улам бүр нэмэгдүүлж чадсан хэмээн үнэлж энэхүү шагналыг олгож байна.

26.Сонины шилдэг бүтээл

Х.Уянга - Үндэсний шуудан сонин

Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч Хайдавын Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” цуврал сурвалжилга, нийтлэл нь эрэн сурвалжлах төдийгүй сурвалжилгын төрөл зүйлийн өнгө төрхийг шинэ түвшинд гаргасан юм. Эрэн сурвалжилж, нийтэд дэлгэсэн баримт, мэдээлэл, дэвшүүлсэн таамаглал  орон нутгийн зарим удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын булхайг илчлэн улмаар төр, захиргааны байгууллагууд тэр бүхнийг эргэн харж, хууль ёсонд нийцсэн шийдвэрийг гаргахад хүргэснээрээ сэтгүүл зүйн нөлөөлөл, үнэ цэнийг өндөрт өргөсөн бүтээл байлаа.

27.Телевизийн шилдэг бүтээл

Бүрэн зураглал хөтөлбөр - Eagle news телевиз

Монголын медиа корпорацийн Eagle news телевиз БҮРЭН ЗУРАГЛАЛ брэндийн “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн дугаарыг оны шилдэг бүтээлд зүй ёсоор нэрлэгдэж байна. Тухайн үеийн нийгэмд тэсрэлт болсон энэхүү уран бүтээлийг 30 жилийн дараах үзэгчдэд сануулж, кино бүтсэн түүх, цаг үеийн зураглалыг бүрэн илэрхийлсэн онцгой контент байж чадлаа.

5. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

28.Шилдэг мэдээллийн сайт

LIVETV.MN

Монголын сэтгүүл зүйн цахим орчинд шинэ өнгө тодорхойлж, “Мэргэжлийн анхны онлайн телевиз”-ийг мэргэжлийн түвшинд хөгжүүлж буй LIVETV.MN вэбсайт нь 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд платформын хувьд зах зээлд цор ганц гэдгээрээ юуны өмнө онцгойрч байна. Үүний зэрэгцээ эрэн сурважлах FACT CHEK нэвтрүүлэг,  сэтгүүл зүйн мэргэжлийн түвшний мэдээ мэдээллээрээ ялгарч, сүүлийн долоон сарын турш хандалтын тоогоор Алекса комын тандалтаар мэдээллийн сайтуудын эхний 10-т тогтмол жагсч байна. Эдгээр үзүүлэлтээрээ оны шилдэг сайтын шагналыг хүртэж байна.

29.Шилдэг сэтгүүл

ГЭРЭГ сэтгүүл

Залуу сэтгүүлч, уран бүтээлчдийн баг болох “Unlimited media group”-ээс эрхлэн гаргадаг “Гэрэгэ” сэтгүүл нь 2019 онд дэлхийн хамгийн олон уншигчтай, тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллага болох Нью-Йорк Таймстай хамтран WOMAN TODAY дугаарыг гаргасан нь дэлхийн жишигт нийцсэн агуулга, өнгө дизайнаар бүтээгдсэн хэмээн үнэлэгдсэн нь Монголын сэтгүүлзүйн түүхийг шинэ хуудас, өнгө төрхөөр чимсэн үйл явдал байлаа. Үүнийг үндэслэн Гэрэгэ сэтгүүлд оны шилдгийг шагналыг олгож байгаа билээ.  

30.Шилдэг радио

MNB Монголын дуу хоолой

Монголын үндэсний олон нийтийн радиогийн хоёрдугаар суваг “Монголын дуу хоолой радио 1964 онд “Улаанбаатараас ярьж байна” нэртэйгээр анхны нэврүүлгээ монгол, орос, хятад хэлээр цацаж, 1963 оноос англи, 1989 оноос японы хэлний редакциудыг нээснээс хойш өдгөө 55 дахь жилдээ Монгол орныы гадаадын сонсогчдод сурталчилж байна. Монгол Улсад болж буй өдөр тутмын үйл явдал, цаг үеийн мэдээ мэдээлэл, гадаад харилцаа, нийгэм, эдийн засаг, түүх,  ёс заншил, соёл урлагийн нэвтрүүлгийг олон хэлээр өдөр бүр 30 минутаар бэлтгэн хүргэдэг. “Монголын дуу хоолой” радио 840 цагийн шинэ, давталттайгаар 1680 цагийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэжээ. 2019 онд долоо хоногийн тутмын “Гадаад харилцаа”, “Сонирхолтой Монгол”, “Монголд үйлдвэрлэв”, “Монгол аялал”, “Монгол судлал” зэрэг тогтмол нэвтрүүлгээс гадна олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, арга хэмжээний тусгай нэвтрүүлэг, сурвалжлагууд, Монголын соёлыг сурталчлах “Монгол дархан” 10 цуврал, “Монгол хөгжмийн зэмсэг” 10 цуврал нэвтрүүлэг, Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгүүд, Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан цуврал нэвтрүүлгүүдийг тус тус бэлтгэн хүргэсэн амжилтаар энэ шагналыг зүй ёсоор хүртэж байна.

31. Шилдэг сонин

Өнөөдөр сонин   

 

Монголд шинэ үеийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсийн манлайлагч өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 23 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа хэзээ ямагт шилдгийн тавцангаас буугаагүйг өнөөдөр дахин нотолж энэ оны шилдэг сониноор нэрлэж байна. 2019 онд Өнөөдөр сонины дэвшүүлсэн асуудлууд төр, засгийн бодлогод нөлөөлсний нэг нь тэмбүү өвчний тархалттай тэмцэх, халдварын зогсооход Эрүүл мэндийн яам анхааран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан явдал байлаа. Түүнчлэн сэтгүүлч биш мэргэжлийн хүмүүсээр сурвалжлага хийлгэх “Уншигч-сурвалжлагч”, сөрөг хүчний байр суурийг уншигчдадаа хүргэх “Сөрөг хүчин”, “Хоймор”, “Дэлхийн хүн”, “Мэдрэмжийн шоок”, Дугаарын онцох сэдэв”, “Нэг өдөр”, “Найзууд”, “Удам залгамж”, “Нэр нэгтийн чих нэг”, “Дуулианы эргэн тойронд” зэрэг шинэ болон тогтмол булангуудаараа уншигчдынхаа талархлыг хүлээн ажилласан юм. Захиалагчдийнхаа тоог тогтмол өндөр хэмжээнд барьж, реклам сурталчилгааны захиалгадаа дарагдаж, орчин үеийн хэвлэлийн дизайн, макет дэглэлтийн арга барил, дэлхийн хэвлэмэл сонин, сэтгүүлд өргөнөөр ашигладаг хэв загварыг нэвтрүүлэн хөгжүүлсэний зэрэгцээ амралтын өдрийн дугаартай, англи хэлээр хувилбартай, хамгийн олон нүүртэй, хамгийн олон дугаартай, бүхий л талаараа хамгийн шилдэг нь байсныг онцлон тодотгоё.

32.Шилдэг телевиз

25 дугаар суваг телевиз

Монголын анхны чөлөөт, ардчилсан “25 дугаар суваг телевиз” үндэсний контент, брэнд үйлдвэрлэгч гэдгээ 2019 онд дахин нотолж, “25 цаг мэдээллийн хөтөлбөр”, “Ам нээвэл...”, “Шинэ өдөр” ярилцлагын нэвтрүүлгүүд, “Танайд хоноё”, “Би” нэвтрүүлгүүд, “NON STOP” амралтын өдрийн цэнгээнт хөтөлбөр, “Мартагдсан билгэдлүүд”, “Жангарын жимээр аялсан нь”, “Ижий минь” соён гэгээрүүлэх танин мэдэхүй, баримтат цуврал нэвтрүүлгүүд, хүүхдэд зориулсан танин мэдэхүйн “Сонин хачин” нэвтрүүлэг, түүнчлэн үндэсний контентууд болох “21 мянга”, “Нэг удаа”, “Сэрэлт”, “Оюутан цэрэг” цувралуудаараа үзэгчдийн сэтгэлд хүрч, мэргэжлийн байр суурь, ёс зүй, ур чадвар, менежмент зэрэг олон шалгуураар ШИЛДГЭЭ нотолсны учир энэхүү өргөмжлөл, хүндэтгэлийг хүлээж байна.

 Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ

 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Айлуудын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засварлаж байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн.




Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг  тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлан ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар засварын багийнхан угаартах эрсдэл өндөртэй 167 өрхийн ханан пийшин, янданг засварлаж өгсөн бөгөөд галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн  зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй болж байна.



Дэлгэрэнгүй унших

Санал болгох