Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болов

Огноо:

,

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаан 15 цаг 53 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн.  Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо.

Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Уг тогтоолд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусгаж, баталсан бөгөөд, Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна. 

Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийлээ.

Үүний дараагаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Л.Болд, Ц.Цогзолмаа, Б.Энх-Амгалан, С.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төрийн албан хаагчид хар тамхины сүлжээг эрхэлж, зохион байгуулж, байгаа учраас асуудал хүрээгээ тэлж байна. Энэ асуудалд дипломат алба, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон нь монгол төрийн нэр төрийг  хүчтэй унагаалаа. Иймд Байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Дипломат албан тушаалтнуудын энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, Монгол Улс энэ хэргийг мартуулаад өнгөрөөх үү, өмнөх шигээ толгойг нь илэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд маш тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа дипломат шуудан, унаа машиныг гэмт хэрэгтээ ашигласан бол энэ асуудлаар  Монголд ч гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой”  гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд, “Энэ асуудлыг томоор харж, монголын төрөөс хар тамхины эсрэг явуулж байгаа бодлогоо хянаж үзээд, цаашид ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн ажиллах шаардлагатай байгаа анхаарч үзэх цаг болжээ” хэмээж байлаа. 

Гишүүдийн зүгээс хар тамхи, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудад монголд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт бий эсэх, зөвхөн баривчлагдсан дипломатууд бус цаад талд нь байгаа сүлжээг  илрүүлэх талаар ямар ажил хийж байгааг сонирхож байлаа. Түүнчлэн салбарын яам боловсон хүчний бодлогоо хэрхэн явуулж байгаа болон хар тамхитай холбоотой асуудлаас болж  унасан Монгол Улсын нэр хүндийг сэргээх, харилцаагаа сайжруулах талаар бусад улс орнууд хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, өмнө нь тамхи зөөсөн тохиолдолд гадаад улсын гаалийн хууль зөрчөөд торгууль төлсний дараа монголд нэг хэргээр хоёр ял оноож болохгүй гээд зүгээр явуулдаг байсан. 2008 оноос яг энэ асуудалд бултах аргагүй болгож, шинэ гэрээ хийж эхэлсэн. Харь орны гаалийн хуулийг зөрчөөд торгуулсан бол монголын төрийн албаны хууль зөрчсөн хариуцлагыг хэн ч ярихгүй байж болохгүй. Иймд хариуцлагыг нь тусгаж, эдийн засгийн хохирлыг нь төлүүлэх талаар тусгасан гэрээ байгуулдаг болсон гэж байлаа.  

Мөн тэрбээр, дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгааг дурдаад олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи  зөөвөрлүүлэх  болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй. Иймд манай улсын тусгай байгууллагууд олон улсын тусгай байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож, маш идэвхтэй ажиллаж байж хар тамхины асуудлаас иргэдээ хамгаалж чадна гэж байлаа. 

Гадаад харилцааны яамны хувьд дипломат шугамаар бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед хамтарсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд хариултдаа онцлов. Байнгын хорооны тогтоолоор салбарын яамны хэмжээнд албан тушаалтнуудыг мэргэжлийн түвшинг үнэлэх шалгалтыг явуулах үүрэг чиглэлийн дагуу түвшин тогтоох шалгалт явуулахын зэрэгцээ чадварлаг боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэх, урамшуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллаж байна гэж Д.Цогтбаатар сайд хариултдаа дурдлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.

Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Энэ өдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.

Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.



Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нийт 100 гаруй ахмад настан бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс төлөөлөл болж өнөөдрийн арга хэмжээнд 60 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн Монгол Улсын парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.

Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулаад, нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин үг хэлэв.

Тэрбээр ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд, цаашид анхаарах болон хамтарч ажиллах ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Эдгээрээс 60 хувь нь 70-аас дээш насныхан, 10 гаруй хувь нь 80-аас дээш насныхан бөгөөд 60 хүртэлх насны хоёр ахмад настан бүртгэлтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох